Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.08/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч зарим Байнгын хороод асуудлыг хэлэлцэж дуусаагүй, санал, дүгнэлтээ нэгтгэн ирүүлж амжаагүй учир дээрх асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Харин Байнгын хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулсан юм. Мөн хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.