Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд заримыг нь буцаалаа. Тодруулбал, нэр бүхий зургаан хуулийн зарим зүйл заалт, Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Энэ хүрээнд нийт зургаан хууль дахь “Хуульд өөрчлөлт оруулахдаа нийт гишүүдийн 3/2-оос дээш хувийн саналаар өөрчлөлт оруулна” гэсэн зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гараад байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцээд, цэцийн дүгнэлтийг хэсэгчлэн хүлээж авлаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Дээрх хуулиудаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар хуульд байгаа нийт гишүүдийн 3/2-оос дээш хувийн саналаар хуульд өөрчлөлт оруулна гэсэн хэсгүүдийг хүчингүй болгосон УИХ-ын тогтоолын төслүүдийг мөн баталлаа. Харин УИХ-ын тухай хууль, Онц байдлын тухай хуулийн тодорхой зүйл заалтаар Цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээж авахгүй гэлээ.