АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр саяхан мэдэгдэл хийж төрийн албан хаагчдыг олноор нь хомроглон халж байгаа МАН-ын сайдуудыг хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна гэсэн.
Тэрбээр “Хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг зургаан сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүнд томилж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроглон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна. МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчдыг хомроглон халаад байгаагаас БОНХАЖЯ өөрийн аппратныхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг нь халсан. МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хомроглон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна” гэсэн юм.
Энэ бүхэнд дүгнэлт хийгээд үзвэл МАН-д улс орны ажлыг урагшлуулах бус зөвхөн өөрсдийн гишүүдийг ажилтай болгох нь илүү чухал бололтой. Тэд төрийн бүх шатанд өөрсдийн хүмүүсийг байршуулахаар улайрч буй жишээ дахин давтагдлаа.
Үүнтэй холбоотой зарим баримтыг өгүүлье. Зам тээврийн яам жил бүр АЗЗА-тай гэрээ байгуулж ажилладаг бөгөөд оны төгсгөлд бүтэн жилийнхээ хийсэн ажлыг дүгнэдэг байна. Гэтэл тус дүгнэлтэд Н.Төмөрхүү тоглолт хийж өөрийнхөө хүнийг тус байгууллага руу шургуулахаар санаархаж байгаа аж.
Ингэж хэлэх үндэслэл байна. АЗЗА-ийн ажлыг дүгнэхийн тулд Зам тээврийн яамнаас ажлын хэсгийг байгуулдаг. Ээлжит ажлын хэсгийг н.Цогтбаатар гэх Н.Төмөрхүүгийн “хүн” тэргүүлж тус байгуулагын өнгөрсөн оны гэрээг дүгнэсэн байна. Дүгнэлтээр ихэнх АЗЗА-г онцсайн ажилласан гэжээ. Гэтэл Н.Төмөрхүү н.Цогтбаатарыг ажлаа хийж чадахгүй байна хэмээн халж оронд нь МХЕГ-ын ахлах мэргэжилтэн н.Доржханд гэх хүнийг томилжээ. Тэрбээр н.Доржхандаар АЗЗА-ийн ажлыг дахин дүгнүүлж, хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлт гаргуулсан гэнэ. Цаашилбал тус байгууллагын захирлуудыг байлцуулахгүйгээр ажлын хэсгийг хуралдуулж хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлт бичгийг гаргажээ.
Ингэсний дараа Н.Төмөрхүү н.Доржхандын гаргасан хангалтгүй гэдэг бичгийг үндэслэн 11 АЗЗА компанийн захирлыг чөлөөлж оронд нь ийм, ийм хүмүүсийг томилж өгнө үү гэсэн бичгийг төрийн өмчийн хороонд явуулсан байна. Төрийн өмчийн хороо нь ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 14-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргах юм байна. Төрийн өмчийн хорооны даргын үүргийг ЗГ-ын хэрэг эрхлэх, газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго гүйцэтгэж байгаа. Ш.Солонго бол МАН-ын хүн. Н.Төмөрхүү, Ш.Солонго нар нийлэн намынхаа даалгаврыг биелүүлж 11 компанийн захирлыг халахаар болоод байгаа гэнэ.
Мөн АЗЗА-ийн ТУЗ нь жилийн эцэст ажлаа дүгнэж, хэлэлцээд үнэлэлт дүгнэлт өгсөн оноогоо өгч ТӨХ-той /Төрийн өмчийн хороо/ хөршөөр ажиллах гэрээ байгуулдаг аж. Төрийн өмчийн хороо ТУЗ-ын оноог үнэн бодит эсэхийг нь шалгаж шүүгээд өөрийн гэсэн оноогоо мөн өгдөг байна. Өнгөрсөн жилийн хувьд Төрийн өмчийн хорооноос АЗЗА-г хангалттай ажилласан гэх дүгнэлтийг өгсөн байна. Тухайлбал, 90 дээш гэсэн үг.
Ингээд бүх шатны оноо гарч ТӨХ хүртэл өөрийн дүгнэлтээ хийсний дараа н.Доржханд гэх хүн гэнэт гарч ирээд АЗЗА-г хангалтгүй ажиллаж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа нь эрх ашгийн зөрчилтэй гэж хардахад хүргэж байна. Хэрвээ АЗЗА-ийн ажлыг дүгнэх, дарга цэргийг нь халж солих дээрээ тулбал 11-12 дугаар сард буюу зам засварын ажил зогсонги байдалтай үед хөдөлгөж болох юм. Гэтэл эд зам барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн уг ажлыг зохион байгуулж байгаа нь улс төрийн шалтгаан гэж шууд харагдаж байна. Тухайн байгууллагын захирлыг сольсон тохиолдолд нягтлан бодогч, инженер зэргээс эхлээд энгийн ажилтнууд хүртэл солигддог бичигдээгүй хуультай. Тэгэхээр Н.Төмөрхүү, Доржханд, Ш.Солонго нарын гурвалаас болж энэ зуны зам засварын ажил зогсонго байдалд орохоос эхлээд замын компанийн ажилчид ажилгүй болж хоолноосоо салах нь.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (44)