УИХ-ын гишүүн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлгийн ахлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2015.08.10/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Лее Жу Ёнг, Ан Жию Бак, Парк Ин Суук, Хонг Жи Ман болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар талууд харилцан санал солилцож, улмаар хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Лее Жу Ёнг нь Монгол Улсын Их Хурлын дэргэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулагдсанд баяр хүргэхийн сацуу амжилт хүсээд өөрийн орны туршлагаас хуваалцлаа. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэргэд Хүн ам, хүүхэд, байгаль орчны асуудлаар 66 гишүүнийг нэгтгэсэн бүлэг ажилладаг ба Лее Жу Ёнг гишүүн ахалдаг аж. Энэхүү бүлэг 1989 онд байгуулагдсан бөгөөд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр арвин туршлагатай болсон байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийг батлахад хүүхдийн эрхийн асуудлыг эн тэргүүнд авч үзэх, хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд УИХ дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлэг чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, улмаар хоёр орны парламентын гишүүдийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.