УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн газар тариалан, хадлангийн бүс нутагт ажиллаж, иргэдийн саналыг сонссон байна. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 28-нд ХХАА-н сайд Р.Бурмаад тариаланчдын саналыг хүргүүлжээ.
Уг саналд, "Энэ жил гантай байснаас шалтгаалж тариалсан ургацын 50-70 хувийг алдах магадлалтай болсон талаар Хөвсгөл аймгийн тариаланчид ярьж байна. Бороо, хур тундас оройтсоноос болж хадлан авах боломжгүй болжээ. Иймд газар тариалан эрхлэгчид, малчдын зүгээс тавьж буй дараах саналыг танд уламжилж байна.
Үүнд:
-Тариаланчид байгалийн гамшгаас шалтгаалж тариалсан ургацынхаа дийлэнх хувийг алдах нь тодорхой болсон тул ТЭДС-гаас авсан зээлээ төлөхөд хүндрэлтэй байна. Үүнийг харгалзан үзэж ургац алдахад хүрсэн тариаланчдын уг сангаас авсан зээлийн төлөгдөх хугацааг сунгаж хойшлуулах арга хэмжээг авах
-Хангайн бүс нутагт тохиромжтой түргэн болцтой үрийн сортоор тариалан эрхлэгчдийг хангахад туслалцаа үзүүлэх
-Хадлан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн бүс нутгуудад өвөлжилтийн үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад шаардлагатай өвс, тэжээлийг бэлтгэж татан төвлөрүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах.
Дээрх саналуудыг судлан үзэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг хүсье" гэжээ.