Хийсэн хэрэгтээ цахилгаан сандалд суун цааазлуулах ялтнаас хамгийн сүүлчийн хүсэлт чинь юу байна гэхэд, сэтгэл догдлоод нэг л биш, харгалзагч аа та гараас минь барьж байхгүй юу гэсэн тухай нэгэн онигоо бий. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, манай хамгийн сүүлчийн “хаан” Н.Энхбаярын одоогийн үйлдлийг харахаар яг энэ онигоо санаанд ороод байдаг юм.
Тэрбээр нэгэнтээ биднийгээ хахууль гэгч мангасын аманд хийснийхээ хариуд “цаазын ял” сонссон ч эдүгээ хамтдаа үхье гээд байгаатай тун адилхан харагддаг учраас тэр. Уг нь ухаантайхан хүн бол дахин төрсөн хувилгаан шиг худлаа жүжиглэж байхаар энд тэндхийн их дээд сургуульд урилгаар оролцон яриа мариа хийсэн шиг, гадаад дотоодод чимээгүйхэн амраад, ард түмэндээ хэрэгтэй, хэрэггүй төсөл удирдсан шиг буяны ажил хийгээд явж байсан бол гэж өөрийн эрхгүй бодогддог. Хүмүүс ч тэгж ярьдаг юм. Юу дутлаа гэж өөрийнхөө өмхийрүүлсэн улстөр рүү дахин толгойгоо дүрэх гээд байгаа юм бол гэж гайхдаг. Хөрөнгө мөнгөний тухайд нэгэнт дүүрсэн савны дээрээс мяна мянгаар нь цутгаад юу хийнэ. Усаар бол гадуураа л дэмий савирна биз дээ.
Бурхан багшийн сургаалд, “Алтан зоосоор аадар бороо орсон ч хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч аз жаргал төрдөггүй” гэжээ.
Ний нуугүй хэлэхэд энэ эрхэмд дахин улстөр рүү орох ямар ч шалтгаан байгаагүй. Өөрийнхөө энэ нийгмийг ямар болгосон, оролцоо хэр байсан зэрэг дүрийг л газар дээр буусныхаа дараа толинд харах гээгүй юм бол шүү дээ. Түүнээс биш хийсэн нүглээ хаана ч очоод чимээгүйхэн наманчлах боломж түүнд хаа сайгүй байлаа. Даанч тэгсэнгүй. Харин “хаан” байсан үеэ огтхон ч мартаж чадахгүй байгаа учраас мөнхөд хаан чигээрээ үлдэх эрх мэдэл, эд хөрөнгийн шуналдаа барьцаалагдан, улмаар өөрийнхөө үйлдэлд ямар ч хяналт тавихааргүй хэмжээнд тэнэг болсны шинж. Үүнийг үнэн л бол түүний насан туршдаа шүтэж ирсэн Бурхан багшийн сургаалд, “Алтан зоосоор аадар бороо орсон ч хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч аз жаргал төрдөггүй” гэжээ.
Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол ороо бусгаа энэ цаг үед ордны хуйвалдаанд оролцон, ард олноо хувааж дайсагналцуулалгүй, өнгөрсөн болоод өнөөдөр төрсөн гомдол, мартагдах ёстой тунирхалаа гээх ёстой байлаа. Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол ард олноо эв эед уриалан, урьдах Ерөнхийлөгчдөөсөө давж гарах хэмжээний сайн сайхан үг хэлээд, цай сүүний дээжээр будуулж явах ёстой байв. Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол өдийд МАН, АН болоод бусад намуудын хооронд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгээд явж байх ёстой байлаа. Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол...
Даанч харамсалтай нь тийм юм алга. Харин ч улам харанхуйрсан юм шиг санагдах болж. Шадар сайд болно гэж зүтгээд л. Хэлмэгдсэн гэж орилоод л. Гэтэл яав. Угаасаа л шуналтай увайгүй нэгэн гэдгийг нь түүнийг Ерөнхийлөгч байх үеэс олон хүн мэддэг, ярьдаг байлаа шүү дээ. Гэхдээ ард түмэн биш шүү. Журмын нөхөд болоод хамтран зүтгэгчид нь тэгж ярьдаг, хэлдэг, бичдэг, анхааруулдаг байв. Харин энэ бүгдийг одоохондоо Х.Анхбаяр гэдэг залуу үргэлжлүүлэх шиг боллоо. Ингэхэд энэ залуу яав ч түүнийг гүтгээгүй байх. Шоронд хоригдож үзсэн хүн дахиад түүндээ орохыг хүсэхгүй нь лавтай. Асаатай лааны тосонд гараа түлсэн хүүхэд ахиж түүнийг барьдаггүй юм шүү дээ.
Эдүгээ тэрбээр хавтгайрсан талцал, төгсгөл нь харагдахааргүй тэмцэл тулааны дэвжээг тун сайн засалцаж явна гэж хэлэхэд бүрэн болно. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд өс хонзон өрнүүлэгч, өдөөн турхирагч нь болсон байна. Түүний хэн нэгнээс хариугаа авах гээд байгаа ч юм шиг үйлдэл нь ард олондоо маш хортой тусч эхэллээ. Энэ бүхэн нь иргэдийн дунд эцэстээ итгэл гээч юмыг ор мөргүй алга болгох аюултай байна. Итгэлгүй амьдрал гэж ингэхэд байх уу, та минь ээ.
Мөнгө төгрөгний чимээ түүний чихийг дүлий, харааг муутгасны жишээ. Тэрбээр алдар нэр албан тушаалын шунал гээч аюулт өвчний нян тээгч болсны гэрч.
Эдүгээ түүнд МАН-тай нийлэх гэхээр хувь хүмүүсийн гэмээр өс хонзон нь тийм боломжийг олгохгүй байна. Уг нь намаа, ард түмнээ л бодмоор. Хувь хүний харьцаа улс орны явдалд тийм хамааай гэж үн. АН-тай нийлэх гэхээр бас болохгүй, ёстой нэг аргаа барж, алийгаа алдаж суух шиг харагдах болж. Гэхдээ МАН ч, АН ч МАХН-тай эвсчихвэл ирэх сонгуульд арай олон суудал авах магадлалтай гэдгийг Н.Энхбаяр мэдэхгүй, мэдрэхгүй байна гэвэл ёстой гонж. Гагцхүү үүнийг хэрхэн өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх вэ гэдэг л түүний толгойны өвчин. Тиймээс л баахан хүнээр тоглоод, улстөрийн тайзны ар өврөөр сэхээ самбаагүй гүйгээд байгаа юм. Жижиг намуудтай нийлье гэхээр нөгөөдүүл нь түүнээс айгаад зай бариастай. Аргагүй шүү дээ, Н.Энхбаяр гэдэг хүний түүх саяхнаас эхтэй учраас тэр.
Ингэхэд буланд шахагдсан муур бар болдог, тэгээд галзууран үсрэхдээ гал руу орж төгсдөг гэж дорныхон ёгтолсон байдаг. Эрх мэдэл дагасан эд хөрөнгийн төлөө хэн нэгнээ багалзуурдаж алахыг юман чинээ бодохоо байсан энэ нийгэмд Н.Энхбаяр авсан, хүртсэн зүйлдээ сэтгэл ханасангүй, харин ч улам шунаад байгаагийг учрыг үнэндээ хүмүүс олохгүй байгаа юм. Баахан хөгшчүүдээр тоглоод л. Мөн түүнийг тойрон Баянсэлэнгийн жишээг харсан “аваргууд” ирэх сонгуулиар юмыг яаж мэдэхэв гээд аль хэдийнэ шавжээ.
Уг нь тэрбээр өдийд нам намын залууст үлгэр дууриалал үзүүлэн намбайж байх насны хүн. Бас өнөөдөр төр болоод түмэн олон ядуу байгаа бол тэрбээр гол буруутны нэг яах аргагүй мөн. Олон жил төрд сууснаар нь тэгж хэлж байгаа юм шүү. Түүнд дамжаагүй сэнтий гэж байхгүй шүү дээ. Энгийн иргэн л болж үзээгүй. Магадгүй энгийн иргэн байж үзээгүйн гай энэ. Мөн мөнгө төгрөгний чимээ түүний чихийг дүлий, харааг муутгасны жишээ. Тэрбээр алдар нэр албан тушаалын шунал гээч аюулт өвчний нян тээгч болсны гэрч.
Н.Энхбаярын хүүхэд байхын мөрөөдөл хаан байсан гэж хэн ч хэлэхгүй. Цаг нь өөр байсан болохоор их сайндаа л эрдэмтэн мэргэн болно гэж бодож байсан биз. Гэвч хар багаасаа дарга хийж, долигонуур зан, бялдууч хүмүүсээр мөнхөд хүрээлүүлж ирсэн тул өдгөө тэрхүү хайрцаглагдсан сэтгэхүйнээсээ огтхон ч гарч чадахгүй байна. Монголын улстөр арай чамай эв гаваа олж магадгүй үед л хорлонтой юм шиг гарч ирээд, ар өврөөр нь хор найруулаад эхлэх юм. Үүндээ улайрахдаа ард олноо огтхон ч бодохгүй. Тэрбээр зорилгодоо л хүрч байвал арга нь ямар байх хамаагүй гэгддэг коммунист номлолыг амьдралдаа бурхны сургаалаас илүүтэй толгойдоо шингээсэн шинжтэй. Тиймээс хааны дүрд хожим маш амархан хувилж, бид ч хаан болоход нь нэн их тусалжээ.
“Хаан” нь Орост өгөх өрөө дарчихлаа гэхээр енгэнэтэл уйлдаг дарга нар байсан гээд бод л доо. Өөрөөр хэлбэл нэг хэсэг яг Хойд Солонгос шиг болоод ирсэн шүү дээ.
Тэр мундаг “хаан” байсан шүү. Ингэхэд хэн нэгэн түүний дээдэх, доодхыг долоож явсаныг би л лав хараагүй. Гэхдээ тийм хүмүүс байсан тухай өөрөө ярьсан шүү дээ. Харин хаа явсан газар нь долигонон бялдуучлагчид байв. Долигонон бялдуучлагчид ч алдар цол, албан тушаал хүртдэг байлаа. Долоох шахаж байгаад Элчин сайдаар явах энэ тэр энүүхэнд байлаа шүү дээ. Сүүлдээ ч аав, ээж, эхнэр хүүхдэд нь долигоногчид гарч ирэв. Тэр ч бүү хэл, “хаан” нь Орост өгөх өрөө дарчихлаа гэхээр енгэнэтэл уйлдаг дарга нар байсан гээд бод л доо. Өөрөөр хэлбэл нэг хэсэг яг Хойд Солонгос шиг болоод ирсэн шүү дээ.
Харин худлаа гөрдөг ч гэсэн Ээбээ гарч ирсэнээр энэ явдал жаахан намжсан гэж хэлж болно. “Хаан” бас эсэргүү нэгнээ хайр найргүй нухчин дарж байлаа. Эмэгтэй нэгэндээ ч эр бяр гаргадаг байв. Элдэв зүйл ярьж эсэргүүцлээ гээд Д.Оюунхоролыг намаасаа хөөж , Н.Багабандитайгаа ил задгай толхилцдог байв даа. За энэ ч яахав дүүрч. “Хаан” гэхэд үнэхээр “хаан” шиг загнаж, Алтай таван богдод л гэхэд хааны хэмжээний хөшөө босгож, чулуун дээр нь “хааны” гэмээр үг мөнхөлсөн байдаг юм. Одоо харин нар салхи, бороо шороо, ус намаг, цас мөсөнд даруулсаар, дарлагдсаар байгаад хэзээ мөдгүй өнхрөн унаж магадгүй болсон харагдана билээ. Ингэхэд махан бодитой бид ч мөнх бус амьтад. Хэзээ нэгэн цагт хадан гэртээ очих учир мөнх амьдрах юм шиг шунаж, үүрдийн юм шиг тэмцэл хийхийн хэрэг юу байна аа. Ялангуяа хийх ёстой юм аа, хийх ёстой цагт нь хийгээгүй бол шүү дээ.
Ингэхэд эдүгээ түүний орон зай улам хумигдсаар байгааг өөрөө мэдэрдэггүй юм байх даа гэх бодол төрөх юм. Мөн больчихооч дээ гээд нөхөрсөгөөр зөвлөчих хүн олддоггүй юм байх даа гэж ч бодох. Ажиглаад байхад акул буюу аварга загасыг дагаад нөмөр нөөлөгт нь баахан жараахай, хамархайнууд орчихсон, түүний амнаас хаяж гээгдсэн хоолны шавхруугаар амь зогоож яваа харагддаг. Цаг нь болоод аварга загас хэн нэгэнтэй тулалдах үед нөгөөдүүл нь бараа сураггүй болсон байдаг. Эдүгээ түүнийг харахаар ийм л нэг дүр зураг харагддаг. Мөн цаг хугацаа сайн эмч боловч маш муу гоо засалч гэсэн үг л өөрийн эрхгүй санаанд ороод, бас өрөвдөөд байх юм.
Д.Гал
Сэтгэгдэл (86)