
Тэднийг энэ сарын 20-нд буюу ирэх баасан гаригт шүүхээр болсон байна. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат оролцох юм байна.
Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Мөн эдгээр хүмүүсийн хамт тус банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдоод байсан. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноосон билээ. Гэвч Өршөөлийн хуульд хамруулан хорих ялыг хэрэгсэхгүй болгож, 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэр гаргаж байсан юм.
Б.Чимэг