ЖДҮХС-гаас нийтдээ 20 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг 1411 иргэн, аж ахуй нэгж гаргасан байна.
Эдгээрээс 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжжээ. Тодруулбал, 376 аж ахуйн нэгж, 158 иргэн дараагийн шатанд шалгарсан бөгөөд эдгээрээс 300 сая төгрөгөөс дээш нэг тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжсэн байна.
Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй аж. Орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.
ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт 4 үе шаттай үргэлжлэх юм байна. Эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох аж. Ингэхдээ хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулахаар журамд тусгажээ.
Дээрх төслийг сонгон шалгаруулахдаа холбогдох дүрэм, журмын дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн сан, Засгийн газрын тусгай таван сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх 18 мянган мэдээлллийг тулган нягтлан шалгасан байна.
Үүний дүнд 873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, аль эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байсан аж.
Г.Эрдэнэ