УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Д.Эрдэнэбат: С.Бямбацогт нарын гишүүд “Тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг өмнөх парламентад боловсруулж байсан. Хөгжлийн бодлого боловсруулахад олон хүний хөдөлмөр ордог. Монгол Улсын төрийн шийдвэр урт хугацаанд хэрэгжих, хадгалж авч үлдэх нь монгол төрийн сэнтийд сууж буй хүн бүрийн үүрэг. Тиймээс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод хүндэтгэлтэй хандаж, дэмжиж байна. Уг тогтоол батлагдсанаар өмнөх баримт бичиг хүчингүй болно. “Тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт маш олон чухал зүйл орсон. Эдгээрийг “Алсын хараа-2050” баримт бичигт хэрхэн оруулж өгсөн бэ?
С.Бямбацогт: Монгол Улсын төрийн бүх бичиг баримт хоорондоо уялдах ёстой гэдгийг хуульчилж өгсөн. Засгийн газраас жил гаруйн хугацаанд ажиллаад өргөн барьсан. Ажлын хэсэгт УИХ-ын бүх байнгын хороон дарга, намуудын төлөөллийн бүрэлдэхүүн ажилласан. Ингэхдээ НҮБ болон олон байгууллагаас ирсэн саналыг тусгаж өгсөн. Зарим боломжгүй заалтыг засч тусгасан. “Тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д ядуурлыг тэг хувьд хүргэнэ гэж заасныг тодорхой хэмжээгээр зассан. Төрийн бодлого залгамж халаатай байх ёстой учраас өмнөх бодлогын баримт бичигт заагдсан сайн зорилтыг хэвээр үлдээж, заримыг нь засч залруулсан тусгасан.
Л.Оюун-Эрдэнэ: “Тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийт 44 зорилт байдаг. Үүнээс 72.7 хувь нь шууд туссан. Огт тусгагдаагүй нэг ч заалт байхгүй. Нэгтгээд оруулж өгсөн. Бусад бодлогын баримттайгаа уялдуулж өгснөөрөө онцлог юм. Батлагдсан даруйдаа ном болж хэвлэгдэнэ. “Тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хүчин төгөлдөр биш болсон гэж үзэж болохгүй. Харин “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй нэгтгэгдсэн гэж хэлье.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)