Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “УОК-ын хурлаас наймдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа.
Наймдугаар сард нийт 14 удаагийн нислэг үйлдэнэ. Үүнээс БНСУ-д байгаа иргэдийн татан авах гурван нислэг, Европын орнуудад байгаа монголчуудыг татан авах Франкфуртын гурван нислэг, Токио руу хоёр удаа, Австрали руу нэг удаа, Энэтхэг болон Вьетнамд байгаа иргэдийг татан авах нислэгийг нэг удаа, Туркэд байгаа иргэдийн татах авах нислэг нэг удаа, АНУ руу нэг удаагийн нислэг хийнэ.
Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцын хүлээж авах шийдвэрийг гаргасан. Ингэснээр нийт найман чиглэлд 14 нислэг үйлдэж, 3,460 иргэнийг татаж авах урьдчилсан тооцоо гаргалаа.
Долоодугаар сард нийтдээ 14 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ давтамжийг наймдугаар сард хадгалах, тусгаарлах байрны нөөц бололцоог харж байгаад наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судална" гэв.