Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1187 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 836 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 17-ны 16.30 цагийн орчим Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын I баг “Алтан Овоо” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 52 настай эрэгтэй А нас барсан байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 992 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ”