Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо.
“Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж.