Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, энэ сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч, гадаад улс руу явах хүсэлт гаргасан 13 хүн, тусгаарлах байранд ажиллаж буй 19 эмч, ажилтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүний давтан шинжилгээг хийсэн.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний халдварын тохиолдол 301 тохиолдол байна. Үүнээс 291 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна" гэлээ.
А.Сүх