Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1591 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна. Тодруулбал, энэ сарын 24-ний өдрийн 19.18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)