Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил импортоор орж ирэх бараа материал, барилгын түүхий эдээс болж зарим нэг саатал гарсан. Өнөөдрийн байдлаар 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулаад байна.
Сургуулийн суудлын тоо 14 орчим мянга, цэцэрлэгийн орны тоо 6000-аар нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа 140 сургуулийн өргөтгөлийн барилга байна. Эдгээр нь ойрын 2-3 жилд үргэлжилнэ.
Мөн цэцэрлэгийн 175 барилгын ажил явагдаж байна. Үүнээс 45 нь ашиглалтад орсон. Оны өмнө 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг улсын хэмжээнд ашиглалтад оруулна.
БСШУСЯ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Засвар үйлчилгээ 92 хувийн биелэлттэй байна. 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар дууссан. 14 барилгын засвар ирэх сарын эхний долоо хоногт дуусахаар байна.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан улсын хэмжээнд 45 цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах ажил хийлээ. 15 сургуульд тавилга тоног төхөөрөмж, ширээ сандал олгох ажил хийгдсэн. Энэ жил улсын хэмжээнд 3300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийгдсэн. Цаашид үргэлжилнэ.
Гаднын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар зарим ажил хийгдэж байна. Тухайлбал, Хятадын буцалтгүй тусламжаар хоёр сургууль, Японы Засгийн газрын тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон" гэлээ.
А.Сүх