УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Есдүгээр сарын 9-нд Токио руу нисэх нислэг гурав хоногоор хойшлогдлоо. Өнгөрсөн хугацаанд 66 удаагийн нислэгээр 13603 иргэнийг эх оронд нь авчирсан. Энэ сард үйлдэх нислэгийг тусгаарлах байртай уялдуулан хийнэ.
Иргэд нислэгийн тоог нэмэгдүүлэх хүсэлт удаа дараа хүргүүлсээр байна. Энэ цаг мөчилд Сөүл дэх Элчин сайдын яамны гадна иргэд суулт хийж байна. Хамгийн гол нь тус улсад халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн. Тиймээс өөрсдийгөө эрсдэлд битгий оруулаач гэж хүсмээр байна.
Мөн ОХУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн тоо буурсан. Тус улсад суугаа нутаг буцах хүсэлтэй иргэдийг хүлээн авах ажиллагааг бэлтгэж байна.
Хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан гадаад багш зарим мэргэжилтэн Монгол руу ирэх хүсэлт удаа дараа гаргасан. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 26-нд 16 улсын 190 иргэнийг авчирч Romada зочид буудалд тусгаарлаад байна” гэлээ.
А.Сүх