Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1-н хүүхэд бүхний санаанд тодхон үлддэг. Тэр дундаа өөрөөсөө том цүнх үүрсэн зургаан настнуудын хувьд бүр ч өхөөрдөм, гэгээхэн өдөр өнгөрдөг. Харин энэ хичээлийн жилд зарим зургаан настны хувьд 9-р сарын 2-н чухал өдөр. Учир нь тэдний зарим нь ангиа, багшаа андуурч өөр ангийн хичээлд суусан, сургууль дотроо төөрсөн гээд хичээлийн эхний өдрийн хөгжилтэй явдлууд цахим орчинд хөвөрсөөр. Энэ долоо хоногийн сошиал орчны гол сэдвээр замын түгжрэлээс эхлээд зургаан настнуудын багш, найз нөхөд, сургуультай танилцсан түүх тасрахгүй биз ээ.
Н.Энхжин охины хувьд 9 дүгээр сарын 2-н буюу өнөөдөр шинэ ангийнхантайгаа танилцах хичээлийн эхний өдөр. Учрыг тодруулбал аав нь 9 дүгээр сарын 1-ний өглөө шинэхэн сурагч охиноо ангийн багшид нь хүлээлгэж өгөөд өдөр хичээлээс авахаар ирэхэд охин нь гарч ирсэнгүй. Өглөө 1Б бүлгийнхэнтэй жагсаад сургууль руу орсон ч өдөр хичээл тарахад 1Б биш 1Ж бүлгийнхэнтэй гарч иржээ. Учир нь орох замаасаа төөрч будилаад, түм түжигнэсэн сургууль дотроо царайг нь ганцхан удаа харсан ангийн багшаа алдаад өөр анги дагаж яваад хичээлдээ суужээ. Н.Энхжин “Багшийгаа дагаж яваад ангидаа ороод харсан чинь өөр багш байсан. Тийм болохоор юу ч хэлэхгүй хичээлдээ суучхаад гараад ирсэн” гэв. Түүний аав З.Нямбаяр цахим орчинд бичихдээ “Дэгдээхэйгээ дагуулсан галуун цуваа шиг л яваад орсон, явж байхдаа галуугаа солиод дагаад явсан бололтой” хэмээн хошигножээ. Тиймээс өнөөдөр Н.Энхжин охин 2020-2021 оны хичээлийн жилд хамт сурах шинэ найз нөхөд, ангийнхантайгаа танилцаж байгаа эхний өдөр.
Ц.Баасансүрэн
Сэтгэгдэл (1)