Хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 336 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 248 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэн байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн 19.45 цагийн орчимд Cүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Нарны зам, “Моннис” ХХК-ийн урд уулзварт хувийн эзэмшлийн Toyota Prius маркийн автомашины жолооч нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн хэргийн газрыг орхин зугтжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.