ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 вирусийн эсрэг вакцинтай холбоотой худал ташаа мэдээлэл явааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр "Манай улсад коронавирусийн вакцин оруулж ирэх талаар буруу ташаа мэдээлэл явна. Дэлхий дахинд коронавирусийн вакцин хараахан гараагүй. Орос, Хятад, Америкийн вакцин үйлдвэрлэгчдийн хийж байгаа вакцинууд клиникийн туршилтын шатандаа яваа. Тухайн вакцин баталгаажилт, ДЭМБ-ын сертификат аваад үйлдвэрлэх, худалдаанд гаргах зөвшөөрлөө мөн авдаг. Энэ дэс дарааллыг дэлхий даяар мөрдөнө.
Манай улсын хувьд ч олон дэс дараатай уулзалт, хурлыг зохион байгуулж, шийдвэр гаргана. Тэр хурал болоогүй. Гэтэл "Хятадаас вакцин оруулж ирэх гэж байна" гэх худал мэдээлэл яваад байна.
Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан нэмэлт мэдээлэл өгье. Засгийн газар аль хэдийнэ улирлын томуугийн вакцинаа захиалсан. 89 мянган хүн тун вакциныг есдүгээр сарын сүүлчээр оруулж ирэх мэдээтэй байна. БНСУ-ын Green Cross компаниас вакцин авч байгаа" гэв.
Б.Жаргал