Хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүн болон шатахууны үнэ нэмэгдсэн талаар УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд 118 ААН-д шатахуун борлуулах тусгай зөвшөөрөл өгсөн. ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас шатахуунд шаардлага хангаагүй зөрчил илэрсэн талаар бичиг өгвөл тухайн ААН-ийн нэгжийн үйл ажиллагааг гурван сараар зогсоох, удаа дараа зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авдаг.
Энэ онд хилээр 122 мянган тонн завсрын бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ бүтээгдэхүүн хаашаа ороод байгаа нь асуулт хэвээр байна. Тиймээс завсрын бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох асуудлыг удаа дараа хүргүүлсэн.
Мөн Засгийн газраас он дуустал гадаад зах зээлийн нефтийн үнээс үл хамааран шатахууны үнийг тогтвортой байлгах үүрэг болгосон. Энэ хүрээнд 113 мянган тонн тутмыг 400 ам.доллараар нийлүүлэх гэрээ хийсэн. Улмаар шатахууны үнийг литр тутамд 400-500 төгрөгөөр буулгаж чадсан. Гэвч найман сард 50 төгрөгөөс өссөн. Энэ нь валютын ханшийн зөрүүтэй холбоотой” гэв.
Б.Жаргал