Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 308 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1219 дуудлага мэдээлэл шалган шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 09-ний 07.00 цагийн орчимд Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч гурван настай эрэгтэй А-н амь хохирчээ.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 578 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаан жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа тул эцэг эхчүүд та бүхэн 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна