Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020-2021 оны хичээлийн жилийн явц, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцах, засвар, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1, 2, 4 дүгээр сургууль болон 4 дүгээр цэцэрлэгийн удирдах ажилтан, багш ажилчдын төлөөлөлтэй уулзаж, зарим ангийн хичээл, сургалт болон сурагчдын дотуур байр, гал тогоо, багш хөгжлийн төв, лаборатори, биеийн тамир, спортын заалны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцав.
“COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн төвийн найман сургуулийн 5754 сурагчийг 351 дэд бүлэг болгон 3 өдөр танхим, 2 өдөр цахимаар хичээллэж байгаа аж. Орон нутгийн хувьд замын түгжрэлгүй, анги дүүргэлт, ээлжийн коэфицент бага байдаг учраас хүндрэл бэрхшээлгүй байна, цаашид хэвийн горимд шилжүүлэхэд ариутгал, халдваргүйтгэлээ сайтар хийж, хэвшүүлсэн дэг журмаа сахиулаад явах бүрэн боломжтой талаар ярьж байна. Дэд бүлгийг 20-25 сурагчаар зохион байгуулсан нь хүүхэд нэг бүртэй тулж ажиллах хугацааг нэмэгдүүлж, бататгах хичээлийг үр дүнтэй болгож байгааг багш нар хэлж байв.
Салбарын сайд үргэлжлүүлэн Дархан-Уул аймагт ажиллана.