МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 2020 оны төсвийн тодотголд хориг тавих саналыг үндэслэлийн хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Мөн төсвийн төсөлд хяналтын механизмыг ажиллуулах тухай хүсэлтийг ч давхар тавьжээ.
Короновирусийн улмаас олон аж ахуйн нэгжийн орлого эрс буурч, үүнийг дагаад татвар төлөлт, ажлын байр хумигдаж буй энэ цагт зөв бүтэцтэй төсөв оруулж ирэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэнээс дээрх шийдвэрийг гаргасан аж. Хагас сарын өмнө 150 аж ахуйн нэгж, бизнесийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд Засгийн газрын сайд нартай хамтарсан уулзалт хийсэн.
Энэ үеэр Засгийн газар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гээд гадна, дотнын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 20 орчим төслийг танилцуулахад Засгийн газар баталгаа гаргах болон бусад бүхий л боломжоор дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.