Өнгөрсөн хугацаанд Монголын талыг төлөөлж байсан эрхмүүд өндөр цалин хөлс авдаг ч хангалттай ажиллаж чадаагүй. Монголын талын идэвхтэй байр суурийг илэрхийлж чаддаггүй гэсэн шүүмжлэлд байнга өртөж ирсэн. Харин энэ удаад Засгийн газрыг төлөөлдөг ТУЗ-ийн гишүүдийг анх удаа ил тодоор сонгон шалгаруулах зарыг англи, монгол хэлээр түгээгээд буй.
2010 оны тавдугаар сараас хойш Оюутолгойн ТУЗ-д Монголын талаас долоон удаа нийт 13 хүнийг томилж, бас чөлөөлсөн байна. Цаашдаа Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж байхаар болжээ.
Өнгөрсөн онд УИХ-ын чуулганаар Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийн тайланг сонссон. Энэ үеэр Монголыг төлөөлөх гурван гишүүн дээд байгууллагаасаа удирдамж авч ажилладаг. Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн зээлийн хүү, зардал хэтрэхэд анхаарал тавьж ажилласнаа онцолж байсан юм.
“Оюутолгой” компанийн ТУЗ-д одоо Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон Ц.Сүхбаатар нар Монголын талыг төлөөлөн ажилладаг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди тус компанийг байгуулсан үеэс буюу 2010 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн дархлагдсан ганц хүн. Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг 2018 оны зургаадугаар сард, харин нууц эрхэм болох Ц.Сүхбаатарыг 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас ТУЗ-ийн гишүүнээр томилсон байдаг. Түүний энэ томилгоог Төрийн ордонд мэдэх хүн ховор байсан нь хачирхалтай.
У.Гэрэл