ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд буюу сүүлийн хоёр хоногт дөрвөн лабораторид нийт 1,455 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Монгол Улсад нийтдээ 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эмчлэгдэж, одоо ХӨСҮТ-д зургаан хүн байгаа. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 2 нь хүндэвтэр, 4 нь хөнгөн байна.
Долоо хоногоор тоймлож хэлбэл, есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-н хүртэл нийт 4,240 хүний шинжилгээ хийсэн бөгөөд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Энэ долоо хоногийн хугацаанд 4 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь эрэгтэй 45, 21 настай бол хоёр нь эмэгтэй 62, 84 настай" гэлээ.