Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр орчимд шинжилгээ хийсэн ажлын баг дүгнэлтээ танилцууллаа.
Тодруулбал, ЗГХЭГ-ын даргын тушаалаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” компанийн орчимд ураны шинжилгээг өнгөрсөн зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд хийжээ.
Ажлын хэсэг хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, хөрс усны зэрэг хэд хэдэн чиглэлийн 296 дээжийг шинжлүүлсэн байна.
Тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэг дээр их байдаг. Гэвч тэр цэгээс 10-100 метр холдоход цацраг байгалийн, энгийн хэмжээндээ очиж буурдаг. Тиймээс тус суманд уранаас шалтгаалан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бий болж байгаа нь тогтоогдоогүй гэдгийг онцоллоо.
Энэ онд хоёр удаагийн ургийн гажиг төрөлт илэрсэн нь цацрагаас үүдээгүй гэв. Дорноговь аймгийн төлийн гажиг бусад аймгуудтай адил. Уранаас шалтгаалж ургийн гажиг төрж байгаа нь тогтоогдоогүй. Энэ талаар цаашид судална гэлээ.
А.Сүх