Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед олон хүн угаарын хийнд хордон, мөн сайжруулсан түлшний хэрэглээ муу байгаа талаар иргэд шүүмжилж эхэлсэн. Харин Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох албаныхан энэ асуудлыг хөндөж, авч буй арга хэмжээ, цаашид хийх ажлаа танилцуулсан юм.
Энэ үеэр Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35, “Тавантолгой түлш” компанийн 57 саравч гээд нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн.
Өнөөдрийн байдлаар, сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулж, эрсдэлийн үнэлгээ хийж эхлээд байна.
Хүйтэрч байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхөд хүргэн ажиллаж байна” гэлээ.