Эгэл жирийн нэгэн сайхан гэр бүлд амьдрал, аз жаргал бэлэглэхээр нийтийн дуучид нэгдэж, "Сүүн цагаан сэтгэл" хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Амьдралын аз жаргалтай агшин бүрийг гэрэл зургийн халиснаа буулгаж, бусдад хайр, гэгээрэл түгээдэг гэрэл зурагчин гэх сайхан мэргэжлийн эзэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах телевизийн "Тулга тав" студийн зурлаач Амгаагийн Болдбаатарын эмчилгээний төлбөрт зориулсан уг хандивын тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр UB паласын концертийн их танхимд болох юм.
А.Болдбаатар нь олон жил тэргэнцэр дээр сууснаас үүдэж цооролт үүсчч улмаар шарх нь хүндэрч хорт хавдар гэж оношлогдсон бөгөөд хугацаа алдалгүй эмчилгээндээ хамрагдах шаардлагатай байгаа аж. Гэсэн ч эмчилгээний төлбөрийн хүндрэл үүссэн учир эмчилгээний зардлыг бүрдүүлэн, нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгах үүднээс нийтийн дуучид хамтран ийнхүү нэгдсэн байна.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Түгээмэл хөгжил төвийн зуун зуун тэргэнцэртэй гишүүд иргэдийг хандивын аянд идэвхтэй оролцож, тусламжийн гараагаа сунгахыг уриалж байна.
Тэргэнцэртэй иргэдийн нэгэн төлөөлөл болсон А.Болдбаатар гэргий Гэрэлцэцэг нар нь нийгмийн оролцоонд идэвхтэй хамрагддаг эерэг гэр бүл бөгөөд маш удаан хүсэн хүлээн байж төрүүлсэн хүү нь дөнгөж нэг ой, таван сартай. Тэд амьдралынх нь гэрэл гэгээ болсон хүүгийнхээ төлөө өвчнөө ялан гарч хамтдаа олон он жилүүдийг өнгөрүүлж, их ажил үйлсийг бүтээхийн төлөө ийнхүү тэмцэж байна.
Сэтгэгдэл (1)