Гэр хорооллын айл өрхөд сайжруулсан түлшийг долоо хоногт зургаан шуудайг олгодог. Гэвч энэ нь хэрэгцээнийнх нь хаана ч хүрдэггүй тухай иргэд шүүмжилж буй. Мөн ахмадууд “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан сарын эхэнд тодруулбал, тэтгэврээ авсан үедээ сайжруулсан түлшээ бөөнөөр нь авч, нөөцөлж болдоггүй юм уу.
Сарын сүүлч гэхэд тэтгэврийн хэдэн төгрөгөө дуусчихдаг учраас сайжруулсан түлшээ авч чадахгүйд хүрч, чичирч суух боллоо.
Энэ асуудлыг шийдэж өгөөч хэмээн уламжилж байна. Гэр хорооллын айл өрхийн амьдралыг дийлэнхдээ ахмадууд авч явдаг. Тиймээс тэд маань сарын эхэнд буудаг тэтгэврийнхээ хэдээр эхний удаад түлшээ базааж авахыг хүсдэг ч тодорхой хугацаанд тоотой олгодог гээд халгаадаггүй байна. Иргэдийнхээ энэ мэт эрэлтийг “Тавантолгой түлш” компанийнхан судалж, тооцож болдоггүй юм болов уу.
Түлшний нөөц хангалттай хэмээн тус компанийнхан байнга сурталчилдаг. Тэгвэл амьдралын наад захын энэ мэт хэрэгцээг мэдэрч, айл өрхийг чирэгдүүлэхгүй байвал яасан юм бэ. Дулаан бол мянган лан гэдэг. Түлшээ базаачихсан байхад гэр хорооллынхон маань алзахгүй гэдгийг тус компанийнхан анхааралдаа авна биз ээ.
У.Тэргэл