Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр, 2020 оны эхний есөн сарын байдлаар долоон улсын 16 иргэн гэмт хэрэгт холбогдсон бол гадаадын 5102 иргэнийг зөрчлийн хэрэгт шалгажээ.
Мөн 11 улсын 41 иргэн гэмт хэргийн хохирогч болсон байна. Иймд гадаадын иргэнийг хувийн хэргээр урьсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь гадаадын иргэнийг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд нутаг буцаахаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх талаар зөвлөгөө, мэдээллээр тогтмол хангах үүрэгтэйг дээрх албанаас сануулж байна.
Цаашлаад Монгол Улсад зорчигч, оршин суугч гадаадын иргэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг хүсч, гэмт хэрэг, зөрчилд холбогдвол Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах төдийгүй тус улсаас албадан гаргах үндэслэл бий болохыг мөн анхаарууллаа.