ШӨХТГ, Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв, Гэрэгэ систем нар хамтран мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэлтэй 935 мянган тээврийн хэрэгслээс 735 мянга нь хөдөлгөөнд оролцдог. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай. Нийт тээврийн хэрэгслийн гурван хувь нь 0-3 жилийн насжилттай. 3-6 жилийн насжилттай гурав, 6-9 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 13 хувийг эзэлдэг. Үлдсэн нь хуучин болон хэт хуучин тээврийн хэрэгсэл байна.
Өнгөрсөн онд улсын хилээр 69 мянган тээврийн хэрэгсэл орж иржээ. Үүний 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин автомашин байна. Осолд орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслээ монголд явж байгаагүй “шинэ” хэмээн худал хэлж борлуулан, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна.
Нийт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн 76 хувь нь Япон улсаас орж ирж байна. Үүний дийлэнх нь 10-аас дээш жилийн насжилттай автомашин байдаг. Учир нь тус улсад 10 болон түүнээс дээш жил ашигласан автомашины татвар өндөр байдаг.
Хоёрдугаарт, сэлбэг нэрээр оруулж ирсэн эд ангиудаа угсарч зардаг ийм асуудал их байна. Тиймээс бид энэ асуудалд цэг тавихын төлөө ажиллана. Үүний эхний алхам бол НӨАТ-ын баримт олгодог болохыг шаардах юм” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)