Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, өдгөөгийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг улираан сонгохоор боллоо.Их чуулганы гишүүн 58 академичтай ба өнөөдрийн хуралдаанд 49 нь оролцож, 47 нь ерөнхийлөгч Д.Рэгдэлд саналаа өгчээ. Ээлжит Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм. 2016 онтой харьцуулахад Шинжлэх ухааны академийн санхүүжилт хоёр дахин, орлого 3.6 дахин нэмэгджээ. Тухайлбал, санхүүжилт 2016 онд 14.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 23.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухаанд хандах хандлага өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох талд ч анхаарч ажиллалаа. Бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөц, цалин урамшуулал дээр анхаарах зүйл их бий” хэмээн онцоллоо. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай тусгажээ.
У.Тэргэл