Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлийн эхэнд аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1189 хүнд шинжилгээ хийснээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ гэв. Тодруулбал,
- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 24-ний ирсэн 14 настай эрэгтэй хүүхдэд
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны автомашины хоёр жолоочоос аравдугаар сарын 23,24-ний өдрүүдэд мөн илэрч тэд 46,50 настай ОХУ-ын иргэд аж.
- Алтанбулаг боомтоор аравдугаар сарын 22-ны өдөр орж ирсэн найман хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэд 2-38 насныхан бөгөөд дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй аж.
Ийнхүү Монгол Улсад баталсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрчээ. Эдгэрэлт 92 хувьтай гарсан ба өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад найм, сувиллын ажиглалтад гурван хүн байна. Халдвартын клиникт 27 хүн эмчлүүлж байгаа ба тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл, 20 хүн хөнгөн, долоон хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 58 хүн эмчилгээ хийлгэж, хянуулж байгаа аж. Сүүлийн үед ОХУ-аас орж ирж байгаа тээврийн автомашины жолооч нараас коронавирус илэрч буй нь анхаарлыг маш их татаж байгаа талаар Д.Нямхүү эмч хэллээ.
Ташрамд, дэлхийн 216 улс оронд 42.5 сая хүн коронавирусний халдвар авч, үүнээс 1 сая 147 мянга гаруй хүн нас баржээ.