Сэтгүүлч, хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж, Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дэд дарга болсон Бетти Льюгийн "Ухаалаг ажиллах нь" ном монгол хэлнээ орчуулагдан, уншигчдын гарт очжээ.
Уоррен Баффет, Илон Маск тэргүүтэй дэлхийд амжилтаараа өнгөлж буй удирдагчдын туршлага, практик ололтуудад түшиглэсэн тус ном нь авьяас, ур чадвараа дээд зэргээр цэнэглэх карьерыг бүтээх тухай, бизнесийн салбарт амжилт олох тухай бодитой зөвлөгөө, судалгаа мэдээллээр дүүрэн бүтээл болжээ.
Амжилтаараа манлайлж буй эрхмүүдээс хатуухан асуулт асууж, шулуухан хариулт авч чаддагаараа Бетти Лью салбарынхаа өрсөлдөгчдөөс ялгарч, олон улсад танигдсан нэгэн. Америкийн хамгийн алдартай гүйцэтгэх захирлуудын ур ухаан, үнэтэй туршлагыг шингээсэн түүний бүтээл амжилтын оргил өөд тэмүүлэх аялалд тань луужин болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Учир нь Уоррен Баффетт, Жэйми Даймон, Илон Маск, Сэм Зелл, тэргүүтэй манлайлагчид амжилтад хүрэхийн тулд яг юу хийх хэрэгтэй тухай нууцаа дэлгэж, карьерын шатаар амжилттай өгсөх тухай даацтай бөгөөд бодитой зөвлөгөө өгчээ.
Карьераа дөнгөж эхэлж байгаа, алдаанаасаа суралцаад цааш ахиж буй, удирдлагын дээд түвшинд ажиллахаар зэхэж суугаа, эсвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бие даан ажиллахаар зориглосон гээд та ямар ч нөхцөлд байсан, Ухаалаг Ажиллах нь ном нарийн мэдээлэл, шинэ санаа, урам зоригийн хүчирхэг эх сурвалж, заавал унших ширээний ном тань байж чадна.
Санхүү, технологи, жижиглэн худалдаа, харилцаа холбоо, энтертайнмент тэргүүтэй бизнесийн салбарын манлайлагчдын шулуухан бөгөөд хөгжилтэй хөнгөн яриа, практик ололтуудад түшиглэсэн энэ ном дараах сэдвийн хүрээнд таныг чиглүүлэх үнэ цэнэтэй хөтөч байх болно.
Б.Баатар