Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 13715 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувьтай тэнцүү байж болно гэж заасан байдаг.
Үүний дотор нэг улсын иргэн нэг хувь байж болно гэсэн хуулийн заалт бий. Нэг үгээр бол, 98 мянга орчим гадаад иргэн байж болно гэсэн үг аж. Харин Монгол Улсад буй гадаадын иргэд хэзээ ч энэ тоонд хүрч байгаагүй гэнэ.
Тухайлбал, 2019 онд 22 мянга, 2018 онд 23 мянга, 2020 онд 13715 байна. Энэ жилийн хувьд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор өмнөх онуудаас 40-өөд хувиар бага байгаа аж.
Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн дийлэнхийг ОХУ, АНУ, БНСУ, Казакстан, БНХАУ-ын иргэд эзэлдэг байна. Тоогоор бол, ОХУ-ын 980, БНСУ-ын 1000, Казакстан 77, АНУ-ын 1609, БНХАУ-ын 5000 орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Үлдсэн 8000 гаруй нь Вьетнам, Энэтхэг, Турк, Филиппин болон бусад улс орных байдаг аж.