Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжүүлэх юм.
Тодруулбал, хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд цахилгаан хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдох юм. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт.цаг байхаар тогтоосон байна.
Хөнгөлөлтөд дараах шаардлагыг хангасан айл, өрхийг хамруулна. Үүнд,
-Өдөр, шөнийн баталгаажсан тарифт тоолууртай байх.
-Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх.
-Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын гуравдугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.
-Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна.
-Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй бөгөөд хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.