Арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, зарим байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Даваа гарагаас зарим байгууллагын ажил орох гэж байна. Иймд тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ажилчдыг ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй.
Тухайн байгууллага ямар нэг хэмжээгээр гадны хүмүүс оруулахгүй, бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өвчнийг нэгэндээ тараах эрсдэлтэй. Мөн уулзаж, мэндлэхдээ хүртэл зайнаас харьцах шаардлагатай. Тухайн байгууллага халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гар халдваргүйжүүлэлт байрлуулах өглөө болгон агаарын сэлгэлт хийх, ажилтан албан хаагчдаа дархлаажуулах зэргээр халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй” гэв.
Б.Баатар