Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 8674 хүнд PCR шинжилгээ хийхэд Таван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Сэлэнгэ аймагт гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн байна. Эдгээр нь өмнө тохиолдлын дам болон ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн.
Харин Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон. Үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 519 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 75, хөнгөн 438 байна" гэв.
Б.Баатар