Хууль, зүйн сайд гэхээрээ л дарангуйллын шинжтэй хуулийн төсөл боловсруулдаг гэвэл эндүүрэл болно. Харин ч эсрэгээрээ ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн, амьдралд ойр, ээлтэй хуулийг баталж байж л иргэнээ дээдэлсэн эрх зүйт төр тогтоно.
Хүн л юм хойно алдаж эндэнэ, унаж босно. Энэ бүхэнд уучилж, өршөөж, ухааруулж байж л иргэн төлөвшинө. Харин эсрэгээрээ хальтрах бүрт эрүү үүсгэнэ, яллана, хорино, торгоно, шоронд хийнэ гэдэг байж боломгүй юм. Харин одоо цагийг хууль, эрх зүйн салбарын хувьд хар бараан он жилүүд гэж тодорхойлж болохоор байна. Учир нь, хүний эрхийг дээдлэх бус уландаа гишгэсэн, халаасыг нь хоосолсон, үзэл бодлыг нь хумьсан хуулийн заалтууд олноор гарах болсонтой холбоотой юм. Тодруулбал, Х.Нямбаатарын сайдын шошготой хуулиудаас дурдвал,
12.5 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол торгоно.
-Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Зөрчлийн тухай хууль Монгол Улсын иргэн бүрийн халаасыг тэмтчиж байгаа гэдэг утгаараа дарамт шахалтыг утгаар нь мэдрүүлж, төрийн төмөр нүүрийг харуулж байгааг өнгөрсөн гурван жилд хангалттай яриллаа, шүүмжиллээ. Тодруулбал,
-2017 онд 575 мянга 956 хүнд шийтгэл оногдуулж, 17 тэрбумын торгууль ногдуулсан
-2018 онд 1,4 сая хүнд шийтгэл ногдуулж, 39,7 тэрбумаар торгосон
-2019 онд 2 сая иргэнийг 55,6 тэрбумаар торгосон
-2020 оны эхний зургаан сарын байдлаар 1,1 сая хүнд шийтгэл ногдуулж, 27,8 тэрбумаар тус тус торгосон байна.
Энэ тухай Л.Энх-Амгалан гишүүн “Амьдралгүй, цоорхой хууль баталдгийн жишээ бол Зөрчлийн тухай хуулийг баталснаар бид давхардсан тоогоор 5,6 сая иргэнээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэсэн байна. Манай улс 18 нас хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ноогдож байна. 73 мянган аж ахуйн нэгжийг торгосон. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөг болсон байна. Ард иргэдээ торгодог улс орон болчихоод байна шүү дээ. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн хууль. Нэг алхаад л торгуулж байна. Хатуухан хэлбэл, бид цагдаагийн хяналтан дор амьдарч байна” гэв.
Хамгийн сүүлд гэхэд л Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 13.14”-т “худал мэдээлэл тараах” заалтад цахим орчинд худал мэдээлэл түгээж, түүнийг нь хуваалцсан иргэнийг 15-80 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулжээ. Үүнд, ганц хэвлэлийнхэн бус цахим орчинд идэвхтэй байдаг нэгэн мэдээллийг хуваалцаж бусдад түгээснийхээ төлөө өндөр торгууль төлөхөөр болж байна. Энэ нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх гэсэн суурь эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал юм.
Х.Нямбаатар сайд аа, таны санаачилсан амьдралаас хол, Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхийг нь зөрчсөн хуулиудыг шүүмжилсэн, сөхөрсөн ч гэлээ нийгмээрээ даган, мөрдөж ирлээ. Харин таны “халаасанд” иргэдээ өмөөрсөн, уучилж, өршөөсөн, ухааруулсан хуулийн төсөл бий юү. Тэгвэл алдаа, оноо хоёр чинь тэнцэх гээд байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)