Жүжигчин Б.Навчааг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ХЗДХ-ийн сайд хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Эл асуудлаар Хууль зүйн сайд ч мөн байр сууриа илэрхийлэв. Тэдний байр суурийг хүргэж байна.
Б.Навчаа: Цагдаа намайг Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж айлгасан Жүжигчин Б.Навчаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэрбээр "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа За уучлаарай сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй Учир нь хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас.Харин шүүх хурлын дараа болно шүү. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж айлгасан цагдаа намайг. Б.Навчаа энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цахим хуудаснаа "Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна би. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харилцаанд орсон гэж торгох хууль батлаж байгаа юм бэ. Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утгатай санагдлаа. Энэ хуулийг эсэргүүцэж охидоо хамгаалахын тулд реклам болон шторк хийж эсэргүүцэх бололтой тул 14-16 насны 50 охин надтай нийлж зураг авалтад орооч гэж хүсэж байна. Охидоо хайрлая. Нямбаатар биш Тэмүүжин л гэнэ. 2017 онд баталсан хууль байна. Нямбаатар ахалсан гэж хуульч хүнээс сонслоо. Хэн ч санаачилсан бай эсэргүүцнэ" хэмээсэн байдаг. |
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Жүжигчин Б.Навчаа намайг гүтгэх ажиллагааг гардан гүйцэтгэсэн
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жүжигчин Б.Навчаагийн мэдээллийн дараа цахим хуудсаараа дамжуулан өөрийг нь гүтгэсэн гэх асуудалд тайлбар өгөв. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой олон гүтгэлэг явж байна. Үүний нэг нь 14-16 насны охинтой бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн этгээд гэдэг гүтгэлэг. Миний гарт 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн эмхэтгэл байна. 12.5, 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 122-р зүйл гээд харьцуулсан судалгаа миний гар дээр байна. Өөрөөр хэлбэл 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд тохиролцож орох гэдэг гэмт хэрэг бол 1926 оноос хойш үе үеийн Эрүүгийн хуульд хуульчлагдаж ирсэн заалт. Өмнөх хуулиуд батлагдах үед би хууль тогтоогчоор ажиллаж байгаагүй. Үүнтэй холбоотойгоор миний нэр төр алдар хүндийг гутаах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар СХД-ийн 27-р тойрогт надтай өрсөлдсөн нэр дэвшигчид энэ гүтгэлгийг зохион байгуулалттайгаар явуулсан. Энэ ажлыг гардаж гүйцэтгэсэн хүн нь хэвлэл мэдээллээр хэлмэгдчихлээ гэж ярьж байгаа жүжигчин Навчаа. Би өөрөө эцэг хүн. Охин хүүхдүүдтэй. Охин хүүхэдтэй эцгийг 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог хүчиндэгч гэж ингэж гүтгэх аавуудад яаж буух вэ? Энэ утгаараа миний сонгуулийн кампанит ажилд ажиллаж байсан хуульчид жүжигчин Навчаа тэргүүтэй гүтгэлгийг тараасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Өнөөдөр прокурорын шатанд явж байгаа гэсэн мэдээллийг өнөөдөр авсан. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Огт оролцоогүй, санаачлаагүй хуулиар гэр бүл рүү дайрч байгаа гүтгэлэгт цэг тавих ёстой гэдэг үүднээс өнгөрсөн зургаадугаар сард манай хуульчид өргөдлийг өгсөн" хэмээсэн юм. |
Сэтгэгдэл (12)