Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хэрэглээний талаарх ээлжит мэдээллээ хийв. Улаанбаатар хотод өчигдрийн 17.00 цагийн үед эрчим хүчний хэрэглээ 755МВт байсан бол өнөөдөр 726 МВт болж буурчээ.
Энэ талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч хэмнэлтийн газрыг дарга Ц.Атаржаргал "Арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар хоногийн оргил ачаалал 1268 МВт хүрсэн. Доод тал нь 944 МВт байлаа. ОХУ-аас 192 МВт эрчим хүч имортолж, хэрэглээгээ хаасан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувь буюу 142 МВт-ын өсөлттэй байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 50-70 МВт-аар нэмэгддэг бол энэ жил төлбөрийг төрөөс хариуцах болсноор чадлын нэмэгдэл хоёр дахин өссөн. Өнгөрсөн оны мөн үеийнхээ 1.3 сая КВт цагаар илүү буюу 21.1 сая КВт цаг эрчим хүч хэрэглэж байна" гэв. Тиймээс хоногийн оргил ачааллын үе буюу 17.00-21.30 цагийн үед иргэд цахилгаан халаагуур зэрэг нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байхыг анхааруулав.
Харин Улаанбаатар хотын зуслан, Нисэх, Яармаг, Баянхошуу чиглэлд ачаалал өссөн гэдгийг УБЦТС-ний албаны дарга Т.Мөнхболд онцоллоо.
Б.Баатар