Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 19-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 8416 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, зургаа нь Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүний хавьталуудаас илэрлээ. Харин хоёр хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүнээс илэрсэн.
Улаанбаатарт бүртгэгдсэн 175 тохиолдол боллоо.
Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 500 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 961 болсон. Үүнээс 509 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 32, хөнгөн 416 байна" гэв.
Б.Баатар