СЭМҮТ-өөс цар тахлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өглөө. СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Сэтгэцийн эрүүл мэндийг сэтгэцийн эрүүл байдал, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэсэн үндсэн гурван том ойлголт байдаг.
Сэтгэцийн эрүүл байдал гэдэг нь хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадвартай байхыг хэлдэг бол эмгэгт нь тус өвчний олон улсын 10 дугаар ангиллын шалгуурт багтдаг бүлэг эмгэгүүдийг хамруулдаг. Харин сэтгэцийн эрүүл байдал болон эмгэг хоёрын завсарт байгаа асуудлыг сэтгэцийн тулгамдсан асуудал буюу сэтгэцийн завсарын эмгэг гэж үздэг.
Сүүлийн үед дэлхий дахинд сэтгэцийн тулгамдсан асуудлыг нэг илрэл болох стресс бүхий таван бүлэг эмгэг нэлээд яригдах болсон.
Сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгэм эдийн засгийн шалтгаанаас хамаарч хүний сэтгэл хөдлөл зан үйл түр хугацаанд өөрчлөгдөхийг хэлдэг. Сэтгэл хөдлөл, зан үйлийн өөрчлөгдөх байдал нь сэтгэл түгшилт, гутрал, нойрны өөрчлөлтөөр илэрч байна.
Манай улсын хувьд, СЭМҮТ-өөс 4,000 гаруй хүнийг хамруулж хийсэн судалгаагаар нойр, сэтгэл түгшилт, сэтгэл гутралаар илэрч байгаа бөгөөд сэтгэл гутрал нь зарим тохиолдолд амиа хорлох бодол хүртэл үүсгэсэн гэсэн дүгнэлт гарсан.
Түүнчлэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүмүүст хийсэн судалгаагаар сэтгэл гутрал, нойрны өөрчлөлтүүд зонхилж байсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийг стресс тайлах ур чадварт суралцахыг зөвлөж байгаа. Хэрвээ нойрны өөрчлөлтөд орсон хүмүүс хоногт 7-8 цаг унтаж, хангалттай нойр авах хэрэгтэй. Сэтгэл түгшилтэд орсон хүмүүс амьгалын дасгалуудыг сайн хийж, үүнийгээ амьдарлын хэвшил болгох нь чухал.
Харин сэтгэл гутралыг аль болох асуудлыг бодитой хийгээд эерэг талаас нь харж даван туулах шаардлагатай бөгөөд иргэд сэтгэл гутралд орохгүйн тулд аливаа асуудлыг эерэг талаас нь харж, хандахыг зөвлөж байна. Жишээлбэл, одоогийн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор коронавируст халдварт өртсөн хүмүүсийг өвчин тараагч хүн эсвэл энэ бол халдвар авсан хүн гэх байдлаар харж, ялгаварлан гадуурхах ёсгүй.
ДЭМБ-аас 1999 болон 2001 онд гаргасан уриалгад, Монгол Улс нэгдсэн. Үүнд сэтгэлийн янз бүрийн таагүй байдалтай хүмүүс аливаад аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар хандах нь өөрийнх нь өвчний эдгэрэлт, дасан зохицох чадварт сайнаар нөлөөлнө гэсэн байдаг. Тиймээс сэтгэл гутралыг тайлах аргуудыг амьдралын хэвшил болгохыг зөвлөж байна” гэв.
Иргэд сэтгэл санаа нь хямрах зэрэг сэтгэл гутралтай холбоотой зөвлөмж, зөвлөгөөг СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарын утсаар 24 цагийн хугацаанд авах боломжтой аж.
А.Сүх