Баянзүрх дүүрэгт коронавирусний халдварын дөрвөн ч голомт үүсээд байгаа ба нийслэлийн анхаарал татсан дүүрэг болоод байна. Голомтлон илрээд байгаа дөрвөн байршлыг хамгаалалтад авсан ба халдварыг хумих үүднээс дүүргийн 80 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахаар зохион байгуулсан юм. Уг үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж иргэдийг хуваарьт газруудад шинжилгээ өгөхийг уриалсан билээ. Өглөө ирсэн иргэд бөөгнөрөл үүсгэж, эмч нар түр саатал гарсан хэмээн хүлээлгэсэн тул нэлээдгүй бухимдал үүссэн юм. Харин одоо нөхцөл байдал хэвийн болж, зохион байгуулалтад орж, зайгаа барин шинжилгээгээ өгч байна. Оношлуурын болоод бусад техник төхөөрөмжийн хувьд асуудал гарахгүй, оршин суугчид ч ухамсартай хандаж байна гэдгийг 84 дүгээр сургууль дээр ажиллаж буй багийнхан хэлж байна.