Манай улсад “үндэсний” гэх шошготой томоохон үйлдвэрлэгчид бий. Нэрийг нь дурьдаад ч яахав. Угаас мэдэх хойно. Гэвч дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хил хаах цаг дор хүнсний зарим бүтээгдэхүүнүүд ховордож эхлэв.
Наад зах нь өндөг, нарийн ногоонууд. Ялангуяа захуудын лангуун дээр өндөг ховрын бараа болж бараа авбал 5-10 ширхэгийг дагалдуулж өгч буй гэх. Зарим худалдагчид “үндэсний үйлдвэрийн цөөн хэдэн өндгийг бялууны үйлдвэрийнхэн түрүүлж аваад бидэнд олдохгүй байна”, “Хэдэн өдөр өглөө эрт очиж байж өндөгний бараа олж харлаа” гэж ярьж байна лээ. Манайхан ч гэж манайхан. Их наргианч ард түмэндээ. “Эх орны нарийн ногоо наашаа гарчээ. Ирэхээр нь гялс Монгол шошгоо наачхаарай. Идэхэд өег байдаг юм”, “Монгол хөрсөнд ургасан нарийн ногоо тун удахгүй зарагдаж эхлэх нь шүү” зэргээр хөөрхөн чимхчихнэ. Тоглоом, наргиа болгож байгаа ч ингэж бодогдоход хүргэж байгаа нь бодит үнэн л дээ.
Ямар ч байсан БНХАУ-аас нарийн ногоо орж ирэхээр хүлээгдэж байна. Мөн өчигдөр ОХУ-аас дөрвөн вагон өндөг буусан талаар ХХААХҮ-ийн сайд өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр онцолсон юм.
Он солигдоход хэдхэн хоног үлдлээ. Зарим улс орнууд зөвхөн нэг өдөр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрч байгаа юм билээ. Манай улсад хэдий халдвар дэгдэж, нөхцөл байдал таагүй байгаа ч айл өрхүүд ёслоод өнгөрөх нь дамжиггүй. Энэ үеэр өндөггүй хоол хийж, ширээгээ чимэглэх нарийн ногоогүй боллоо гэж санаашрах шаардлагагүй болсон нь сайн хэрэг.
А.Сүх
Сэтгэгдэл (4)