Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагчаас коронавирусний халдвар илэрч, тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ талаар тус эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхээс тодрууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 24, 25-нд тандалтын зорилгоор шинжилгээ авахад эмнэлгийн ажилчдаас халдвар илэрсэн. Коронавирусний халдвар илэрсэн тул хөл хорио тогтоогоод гурав хонож байна. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Эмнэлгийн эмч ажилтан, өвчтөн зэрэг 660 орчим хүнийг шинжилгээнд хамруулсан.
Өнөөдөр хоёрдахь удаагийн шинжилгээг хийж байна. Эхний нэгдүгээр хавьталыг тусгаарласан. Харин дам хавьтлуудад шинжилгээ хийж, хариу нь сөрөг гарсан учраас гэрийн тусгаарлалт шилжүүлсэн. Одоогоор 120 өвчтөн, 58 сахиур эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХСҮТ-ийн мэс заслын тасаг засвартай байгаа учраас Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт, харин эмэгтэйчүүдийн мэс засал Амгалан амаржих газарт үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хөл хорио тогтоосон учраас туяа эмчилгээ түр хугацаанд зогссон. Өнөөдөр энэ асуудал шийдэгдэх байх. Харин мэс заслын үйл ажиллагаа, химийн эмчилгээ дүүргийн эмнэлэг дээрээ хийгдэж байгаа" гэв.
Б.БАТ