Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
2021 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.