Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал н.Наранзул, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга, тархвар судлаач н.Сувд нар сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэдний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Сүүлийн хоёр хоногт массын дундаас шинэ голомтууд илэрч байгаатай холбоотой хавьтлын тоо ч нэмэгдэх боллоо. Хаанаас ямар голомт илрэв. Авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэнд болон бусад салбар цаг наргүй ажиллаж байна. Эмнэлэгт гарсан голомттой холбоотой өргөжүүлсэн тандалт шинжилгээг байнга хийж байна. Баянзүрхийн нийт 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Харин өчигдөр, өнөөдөр хоёр хоногт дөрвөн голомт илрээд байна. “Мөнххада” компанийн ажилчид, Баянзүрх дүүрэгт сайн дураараа шинжилгээ өгсөн гэр бүлийн хоёр, мөн тус дүүргийн эмнэлгээс, Баянгол дүүрэгт ганцаараа амьдардаг дархлаа султай иргэн юм. Хамгийн гол нь хаанаас халдвар авсан голомт нь тодорхойгүй байна. Тиймээс нийтийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр гэсэн үг юм. Тодруулбал, өнгөрсөн хоёр хоногт ард иргэдийн дунд 1-11 хоног явж байсан 18 тохиолдлыг бүртгэсэн.
ВАКЦИНЫГ ОРУУЛЖ ИРЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА ГУРАВДУГААР САРЫН 1 ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО
-Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр вакцины асуудлыг сөхөхөөс аргагүй. Эцсийн хугацааг тооцсон уу. Хэдийгээр оруулж ирэх вэ?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсын хувьд олон улс вакциныг үйлдвэрлэж эхэлсэн цагаас л судалгааг хийж эхэлсэн. Долоодугаар сарын 24-нд бүртгүүлэх хүсэлтээ өгч, арванхоёрдугаар сард Монгол Улс албан ёсоор бүртгэлд хамрагдсан. Эхний ээлжийнхийг гуравдугаар сардаа багтаан хүргэнэ гэсэн мэдэгдэл өгсөн. Цаадах хугацаа гуравдугаар сарын 1 гэж ойлгож болно. Бидний хувьд вакцинд маш хянамгай хандаж байгаа. Вакцинжуулалтын дараа гарах хор хөнөөл, эрсдэлээс сэргийлэхийн тулд ихэд хянамгай байж, бусад орны иргэдэд үзүүлж байгаа гаж нөлөө, эрсдэлийг судалж байж хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жирийн бараа таваар шиг мөнгөө өгөөд захиалчихдаг зүйл биш гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.
-Хөл хориог 14 хоногоор сунгаагүй байсан бол нөхцөл байдал одоогийнхоос хүндрэх байсан гэх юм. Мөн өвчтөнүүдийг гэрт нь эмчилж болохгүй гэдэг асуултыг олон хүн асууж байна?
-Хөл хорио тогтоохын чухал нь халдварын тархалтын хүрээг бага байлгах зорилготой. Гэхдээ хөл хорио тогтоосноор халдвар дахин илрэхгүй, бүрмөсөн устгаж байгаа юм биш. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан хүний тоог 10 дахин бууруулж чадлаа. Цааш тандалт судалгааг эрчимтэй хийгээд явбал ачааллаа даахгүй хэмжээнд хүрэхгүйгээр, иргэдийн амь нас эрсдэхгүйгээр тусламж үйлчилгээг үзүүлээд явах боломжтой. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг гэрт нь эмчилж болохгүй юү гэж олон хүн асууж байна. Халдвартайг нь тогтоосон хүмүүсийг гэрт нь эмчлэх хэмжээний өндөр ачаалал эмнэлгүүд аваагүй. Тэгээд ч гэрт нь эмчлэхэд ар гэрийнхэн нь халдвар авах магадлалтай, гэр орноор нь хүн орж гарна. Их эрсдэлтэй. Гаднын улсад эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй болсон учраас хүнд, хөнгөн ч бай гэрт нь тусламж үзүүлж байгаа. Манай улсын хувьд ийм хэмжээнд хүрээгүй байна. Тиймдээ ч бид эмчилгээний заавраа өөрчилсөн. Хуучин 28 хоног байсан бол одоо хөнгөн шинж тэмдэгтэй, уушгин дахь өөрчлөлт арилсан хүмүүсийг 14 хоног хэвтүүлээд дараагийн шат руу шилжүүлж байгаа.
ХӨЛ ХОРИОГ СУНГАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
-Хөл хориог цаашид сунгах уу. УОК Эрүүл мэндийн яамны саналыг чухалчлан авч үздэг?
-ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Наранзул: Хөл хориог нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тогтоосон. Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Бидний таамаглаж, төсөөлж байснаас өөрөөр үргэлжилж байна. Маргааш 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээг хийнэ. Цаашдаа сунгах санал гарах магадлал илүү өндөр байгаа.
-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд халдварт олноор өртөж буй нь юутай холбоотой вэ?
-ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Наранзул: Эрүүл мэндийн ажилчид хамгийн ихээр өртөж нас барж буй нь олон улсад ч гарч байна. Монгол Улсад 1200 тохиолдол баталсны дотор эрүүл мэндийн 85 ажилтан байна. Тодруулбал, нийт халдвар авагсдын 6,9 хувийг эзэлж байна. Яагаад гэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллага хамгийн өндөр эрсдэлтэй орчин байдаг. Ялангуяа халдвартай өвчтөнг хүлээн авч, тусгаарлан эмчилж буй учраас тэр юм. Өнөөдрийн байдлаар, Цэргийн төв эмнэлэгт 13, ХӨСҮТ-д 19, Сэлэнгэ аймагт 19, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 27, Говьсүмбэрт хоёр гээд эмч, ажилтнуудыг тусгаарлан эмчилж байгаа. Сүүлийн үед шинэ халдвар Монгол Улсын хүн амын дотор гарч ирсэн. Лабораторийн оношилгооноос харахад халдварлалт маш их өндөр түвшинд байна. Тиймээс тулж ажиллаж байгаа ажилтнууд халдвар авах, өвчлөх явдал их гарч байна. Мэргэжлээр нь авч үзвэл, их эмч 23, сувилагч 33, ариутгагч долоо, асрагч 11, лаборант дөрөв байна. Гэхдээ зарим нь эдгэрч гараад өнөөдөр ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа.
-PCR шинжилгээний хариу худлаа гараад байгаа юм биш үү. Мөн ЭМЯ халаа сэлгээ хийн, сайд нь өөрийн хамаарал бүхий хүнээ тавьж байна гэх шүүмжлэл байна. Бас “Энхсаран” шиг “Амар” зочид буудал халдварын голомт болчихов уу. Энэ бүхэнд хариулт өгөөч?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ЭМЯ халаа сэлгээ хийж, намайг өөрийн хүнээ тавьсан гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. ЭМДЕГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас бүтцийг шинээр баталсан. Шинэ агентлаг байгуулж байгаа учраас өөрчлөлт хйисэн. Миний хувьд өөрийн хүнээ тавьсан, халаа сэлгээ хийсэн асуудал байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно. Харин ч ямар өөрчлөлт шинэчлэл хийх үү, ямар баг хамт олонтой ажиллавал амжилтад хүрэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард PCR шинжилгээний хариу буруу гарсан гэж ярьсан. Халдваргүй хүнийг халдвартай гэж эмчилж байсан бол долоодугаар сараас хойш арваннэгдүгээр сар хүртэл дотооддоо халдварыг яаж алдахгүй барьж ирэх билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш шинжилгээ нэг журмаар, нэг зарчмаар яваа. Эргэлзэх зүйл байхгүй гэдгийг шинжилгээний үр дүн өнөөдөр харуулж байна. Харлуулахыг оролдсон ганц нэг хүн байна уу гэж харж байгаа. “Амар” зочид буудалд Франкфуртээс ирээд тусгаарлалтад байсан долоон хүн халдвар авсныг тогтоосон. Тиймээс өөр буудал руу нүүлгэн шилжүүлж, тусгаарласан. Франкфуртаас нисэх онгоц 18-нд ирсэн. Гэтэл 14 хоногийн дараа долоон хүнд зэрэг илэрч байгаа нь тусгаарлах явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн учраас шилжүүлсэн. Тэр дотор халдвар хамгааллын дэглэм зөрчив үү гэдгийг тогтооно. Камер шүүнэ. Дэглэм алдагдаагүй бол цаанаас ирэхдээ халдвартай байсан уу, зочид буудлын нөхцөл байдалтай холбоотой байна уу гэдгийг судлан дүгнэлт гарах ёстой.
-Зургаан аймаг, есөн суманд шинээр голомт илрээгүй. Бүгдийнх нь голомтыг хумьсан. Гэтэл Баянзүрх дүүрэгт массын дундаас халдвар илэрлээ?
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга, тархвар судлаач Сувд: Өнөөдрийн байдлаар дөрвөн голомтыг судалж байгаа. Яагаад гарав гэхээр нэгдүгээрт, баяр боллоо, хоёрдугаарт, иргэд халдвар авчихна гэж ер бодохгүй байна. Мөн гадуур шинж тэмдэггүй тохиолдол их байна. Хөл хориогоо барьж чадав уу гэдгээ иргэд бодох хэрэгтэй байна. Нэг өрх, нэг иргэн шинжилгээнд бүрэн хамрагдаж чадав уу. Үнэхээр маш удаан явцтай хамрагдлаа. Урьдчилан сэргийлэх шинжилгээг эмийн сан, банк, нийтийн тээвэр, түгээлт, такси үйлчилгээнд яваа жолооч нарт хийж байгаа. Маргааш гэхэд шинэ жилээр ажилласан томоохон зах дэлгүүрийн ажилтнуудаас шинжилгээг үргэлжлүүлэн аваад явна. Хамгийн гол нь, Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авахад тохиолдол илэрсэн. Үүний цаана халдвар байгаад байна шүү гэдгийг ойлгоорой. Халдвар хаанаас авсан байршлыг тогтоочихвол иргэддээ шуурхай хэлнэ.
-Тэг зогсолт хийн, нийт массаас шинжилгээ авч болохгүй юү?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар болон бусад аймаг тус бүрийнх нь онцлогт таарсан арга хэмжээ авч ажилласан. Үр дүнтэй байсан гэдгийг бусад аймагт халдвар илрэхгүй байгаа хугацаагаар харж болно. Хамгийн том голомт болох Сэлэнгэ аймаг халдвар гараагүй 14 хонох гэж байна. Төмөр зам дагасан голомтуудаа илрүүлээд зөв авч чадсаны илрэл юм. Зарим нэг аймагт тэг зогсолт хийсэн, массын шинжилгээ хийсэн. Улаанбаатарт тэг зогсолт хийнэ гэдэг боломж муу. Өнөөдрийн нөхцөл байдал тэг зогсолт ярих хэмжээний хүнд байдалд ороогүй. Эцэст нь, нийт иргэд маань дор бүрдээ хариуцлагатай байж, хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа зүүхийг хичээнгүйлэн хүсч байна. Ингэвэл хохирол багатай даван туулах боломж байна. Эрүүл мэндийн салбар чадах хэрээрээ ажиллаж байна. Бодлого зөв зүйтэй явж байгааг олон аймаг сумдад голомтыг хумьснаас харж болно. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар бариарай.
У.Тэргэл
Сэтгэгдэл (33)