Египетийн хойд хэсгийн Аш Шаркия мужийн Эл Хуссейнея төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт зөөврийн хүчил хүчилтөрөгчийн хангамж тасалдсаны улмаас амьсгалын аппаратын эмчилгээнд шилжээд байсан “COVID-19”-ийн халдвартай бүх өвчтөн нас барсан харамсалтай явдал гарсан талаарх бичлэг, мэдээлэл газар аваад байна.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор манай улсад амьсгалын аппарат хангалттай байгаа эсэх талаарх асуулт иргэдийн дунд хөвөрч байгаа юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Амьсгалын аппаратны нөөц хангалттай байгаа. Арванхоёрдугаар сард 400 аппарат нэмж орж ирсэн. Шаардлагатай газруудад хувиарласан байгаа" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өмнө нь "Амьсгалын аппаратын хувьд, ХӨСҮТ-д коронавирусний эмчилгээнд зориулсан 23 аппарат байна. Мөн ЦНТЭ-т 12 аппарат суурилуулсан. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат бий. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 аппарат суурилуулсан. Үүнээс гадна 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим аппарат бий. Бид наймдугаар сард амьсгалын аппарат захиалсан ч тухайн үед дэлхий даяар цар тахал их байсан тул үйлдвэрлэл хомс байсан. Одоо үйлдвэрийн нөөц нэмэгдсэн тул манай улсад орж ирэхэд бэлэн болсон. Арванхоёрдугаар сард 400 аппарат орж ирнэ.
Бидний тооцоогоор хүн амын нэг хувьд халдвар тархахад амьсгалын аппаратад орох хүмүүсийн тооцоог бодоход, бэлдсэн аппаратын нөөц хангалттай гэж тооцсон. Энэ аппаратуудад ажиллах боловсон хүчний асуудлыг эртнээс бэлтгэж ирсэн" хэмээж байсан юм.
Б.Баатар