Дэлхийн улс орнууд коронавирусний вакцин гарган авч, хүн амаа дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэгвэл манай улсад коронавирусний вакцин хэзээ орж ирэх, эхний ээлжинд ямар хүмүүсийг хамруулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Тус яамны Д.Нарангэрэл "Монгол Улс вакцин авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Эхний ээлжинд хүн амынхаа 20 хувийг, дараагийн ээлжинд 60 хувийг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөж байна. Эхний ээлжийн 20 хувьд хийх вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй вакциныг оруулж ирж, өөрийн улсын бүртгэлдээ бүртгээд хэрэгжүүлэх бүртгэлийн журмыг гаргасан. Эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 52 мянган ажилчдаа хамруулна. Бүх бүртгэл судалгааг хийж байна. Дараагийн ээлжинд архаг хууч өвчтэй, цагдаа онцгой комиссын албан хаагчдаа хамруулна.
Харин вакцин хадгалах хүйтэн хэлхээний асуудлыг судалж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэв.
Б.Баатар